Ч.Гансүхийн хэрэгт ШШҮХ-гийн хоёр шинжээчийг саатууллаа
2013 оны 11 сарын 21

Бусдаас их хэмжээний мөнгө авлигад авч, татварыг нь нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-аас ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний дүү Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Н.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг  шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүхийн аав, хүү, эхнэр болоод нууц амрагийнх нь данснаас их хэмжээний мөнгө илэрснийг хууль хяналтынхан баримтаар нотолсон гэдэг.  Мөн түүний аавынх нь данснаас нэг сая ам.доллар, хүү Г.Ганзулынх нь данснаас 17 тэрбум төгрөг илэрсэн гэдэг. Харин түүний өмгөөлөгч нь түүнд холбогдох эл хэргийг үгүйсгэн, удаа дараа мэдээлэл хийж байсан билээ. Тэгвэл саяхан Ч.Гансүхийн хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн хоёр шинжээчийг цагдан хорьж шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэднийг Ч.Гансүхтэй үгсэн хуйвалдаж, зарим аж ахуй нэгжид хуурамч акт гаргаж, дундаас нь мөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. Тэдний холбоотой байж болзошгүй нэгэн хэргийг энд сийрүүлбэл,  Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2009-2012 оны татвар хураалт, татварын өр барагдуулалтад хийсэн шалгалтын дүнгээр “Жи энд Юу Голд” ХХК нь 2006-2010 онд хурамтлагдсан нэг тэрбум  төгрөгийн татварын өртэй байсан байна. Тэр ч утгаараа 2010 оноос хойш тус компанийн өрийн үлдэгдэл нэг тэрбум орчим төгрөг гэж Татварын нэгдсэн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байсан байна.  Гэтэл 2012 оны наймдугаар сард тус компанийн нэг тэрбум татварын өр Чингэлтэй дүүргийн Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас гэнэт ор мөргүй устсан гэнэ. Энэ мэт нэр бүхий хэд хэдэн компанийн татварын өрийн бүртгэл Татварын бүртгэл мэдээллийн сангаас учир битүүлгээр арчигдсан учраас АТГ-ынхан эл хэргийн мөрөөр орсон байна. Гэтэл ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нартай бүлэглэн энэ хэргийг үйлдсэн гэх баримтууд олдсон учраас тэднийг ийнхүү саатуулан шалгаж эхэлжээ.

 

Ц.Эрдэнэ

 

...