Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна
2013 оны 9 сарын 25

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд шинэчлэл оруулсантай холбоотойгоор хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн цалин хөлс, нийгмийн халамжийн асуудал багагүй яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХ-ны байранд явагдаж эхэллээ. Тиймээс энэ тухай Монголын ажилтан, албан хаагчдын ҮЭХ-ны дарга М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 

-Та бүхний зохион байгуулж буй “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлгийн гол зорилго, ач холбогдлыг танилцуулна уу?

-Ирэх 2014 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэнэ. Тэгэхээр Хөдөлмөрийн хуулийн шинэчлэгдсэн анхны хувилбар төсөл саяхан гарсан. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-н дахь Эмэгтэйчүүдийн хороо, Жендерийн Үндэсний хороотой хамтран шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн талаар ямар зүйл заалт оруулсан тухай танилцуулан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

 

-Шинэчлэгдэн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тулгамдаж буй ямар зүйл заалтыг чухалчилсан байгаа вэ?

-Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн дийлэнх хэсэг нь албан бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж байна. Тиймээс өмнөх Хөдөлмөрийн тухай хуульд төрийн байгууллагуудад ажилладаг эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн халамжийг илүүтэй анхаардаг байсан бол энэ удаад хувийн хэвшил болоод албан бус секторуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн эрх ашиг, нийгмийн халамжийн асуудалд тавих анхаарал илүү нарийн болж өргөжиж байгаа юм. Мөн амаржсан буюу эх болсон эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн харилцаа, эрх ашгийг хамгаалах тухай тодорхой шийдвэрүүдийг оруулж өгсөн.  Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй ижил мэргэжилд ажиллаж буй хүмүүсийн цалин хөлсийг адил болгох асуудал ч заагдсан байгаа.

-Ялангуяа хувийн хэвшлийн байгууллагуудад үзэгддэг нэг зүйл бол залуу ажилтныг тодорхой хугацаагаар ажиллуулж байгаад ажлаас нь чөлөөлөх асуудлууд их гардаг. Энэ асуудалд зохицуулалт хийх үү?  

-Ялангуяа залуу хүмүүсийг тодорхой хугацаагаар ажиллуулж байгаад ажлаас нь чөлөөлөх асуудлууд их гарч хүний эрх зөрчигддөг. Тиймээс энэ тал дээр байнгын цалинтай байлгах, улмаар Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн харилцааны гэрээ болгон өөрчилж, гэрээ байгуулах зэрэг асуудлыг оруулж өгсөн. Ингэснээр хүний хөдөлмөрийн үнэлэмж, баталгааг илүү өндөрт тавих асуудал гарч ирнэ гэж үзэж байгаа.

 

-Сүүлийн хэдэн жил Монгол Улсад уул уурхайн салбар түлхүү хөгжиж байна. Тэгэхээр уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг эрх ашиг, аюулгүй байдал, нийгмийн халамжийн асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Уул уурхай гэлтгүй эмэгтэйчүүдэд хориглосон ажил мэргэжлийн жагсаалтыг Засгийн газраас гаргана гэсэн заалт өнөөгийн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулинд байдаг. Харин саяхан болсон гурван талт гэрээгээр Засгийн газрын зүгээс энэхүү ажил мэргэжлийн жагсаалтыг болиулах тухай ярилцсан боловч МҮЭХ-оос эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Ер нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт маш муу гэж хэлж болно. Тэгэхээр өөрийн тань хэлсэн асуудлаар уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, орчин нөхцөл зэрэг асуудлыг хянах, хариуцлагын тогтолцоог энэ хуулинд илүү түлхүү оруулж өгч байгаа.

-Бас нэг зүйл байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн анхаарч байгаа вэ?

-Үүнийг эмэгтэйчүүдийн тусгай бүлгийн хөдөлмөр эрхлэлт гэж заасан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг ойртуулж өгөх шаардлага зайлшгүй байгаа учраас тэтгэлэг, тэтгэмж гэхээсээ илүү нийгэмшүүлэх, хийх боломжтой ажилд жуулчлах зэрэг асуудлуудыг тодорхой зааж өгсөн. Харин цалин хөлсний асуудлыг тухайн хийж буй ажлын үнэлэмжээс шалтгаалан өөр өөрөөр тогтоож өгөх байх.

 

Б.Ням