Цөлжилтийн атлас хэвлэгдлээ
2013 оны 9 сарын 18

Манай улсын нийт газар нутгийн 72 гаруй хувь нь тодорхой зэрэглэл бүхий байдлаар цөлжилтийн аюулд өртөөд байна. Цөлжилтийн эрчмийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохтой холбоотой цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа юм. Тиймээс Монгол Улс анх удаа цөлжилтийн атласыг боловсруулан гаргасан талаар өнөөдөр БОНХЯ-ны Хаан танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Монгол орны цөлжилтийн атласыг боловсруулснаар  цөлжилттэй тэмцэх ажлыг аймаг орон нутгийн түвшинд бодитоор төлөвлөн хэрэгжүүлэх боломж  бүрдэж байна.

 

Монгол Улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцид нэгдэн орж хүлээсэн үүргийн дагуу 1996, 2003, 2010 онд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг тус тус шинэчлэн баталж хэрэгжүүлж ирсэн.

 

Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж буй Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улс орны хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлэх бодлогын гол баримт бичиг юм. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт авч хэрэгжүүлэхээр тусгасан нэг гол зорилт нь Цөлжилтийн нэгдсэн мэдээлэлийн сан бий болгох. Энэ зорилтоо биелүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн санг бий болгожээ.

 

Л.Дэлгэр

...
...