Дөрвөн хүн хүнд гэмтэж, төмөр замын цариг тэлэгджээ
2013 оны 8 сарын 13

                                            

                                    "Эсто" ХХК-ийн өөрийнх нь автомашин галт тэрэгтэй мөргөлджээ

Камаз маркийн машин, галт тэрэгтэй мөргөлдөж дөрвөн хүн хүнд бэртсэн ноцтой осол өнөөдөр өглөөний 07.14 цагт гарлаа. Тодруулбал, “Sky resort” цанын баазын хойно байрлах хаалттай төмөр замын гарам дээр энэхүү осол болсон юм. Тодруулбал, камаз маркийн автомашин төмөр замын гармаар гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй явж байсан ачааны галт тэрэгтэй мөрдөлдөн улмаар камазны жолооч цонхоороо шидэгджээ. Хятад улс руу мод тээвэрлэчихээд буцаж явсан уг ачааны галт тэргэнд машинист, туслах машинист болон ачаа хамгаалагч гэсэн гурван хүн байсан аж. Ингээд осол гарсаны дараа буюу 07.50 цагийн үед Яаралтай түргэн тусламжийн 103 ирж, осолд орсон дөрвөн хүнийг авч явсан юм. 08:00 цагийн үед Зам тээврийн яам болон Улаанбаатар төмөр замын албаныхан ослын газарт ирсэн. Харин үүний дараа 08.50 цагийн үед цагдаагийн бүрэлдэхүүн болон төмөр замын гармыг хамгаалж байсан хамгаалалтын алба, “Эсто” ХХК-ийнхан ирсэн юм. Мөн галт тэрэгний салярк их хэмжээгээр асгарч байсан тул Онцгой байдлын гал унтраах ангийнхан ирж, ойр орчмыг хамгаалалтад авав. Түүнээс гадна Зам, тээврийн яам болон УБТЗ-ын удирдлага, инженерүүд газар дээр ажиллаж байгаа юм.    

 

Осол болсон төмөр замын гармыг төмөр замын ажилчид бус “Эсто” хэмээх Богд уулын арын хурдны зам засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа компани хариуцаж байсан юм байна. Энэхүү гарам хаалттай байх ёстой ч зам барилгын ажилтай холбоотойгоор Эсто ХХК-ийнхан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өглөөний 08 цагаас оройн 22 цаг хүртэл нээж, зөвхөн тус компанийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байхаар болжээ. Ингэхдээ гармыг өөрсдийнхөө хамгаалалтад авч, аюулгүйн ажиллагааг нь тус компанийнхан өөрсдөө хариуцаж байхаар болсон гэнэ. Ингээд оройн 22 цагаас өглөөний 08 цаг хүртэл хаах ёстой юм байна. Гэтэл “Эсто” компанийн ажилчид өнөөдөр гармыг 07.10 цагт нээн автомашинаа нэвтүүлж байх үед нь ийнхүү осол гарчээ.

 

                                      З.Молом: Энэ осол манай хамгаалалтын албатай огт хамаагүй

Ингээд тус гармын аюулгүй ажиллагааг хариуцах үүрэгтэй хамгаалалтын албаны дарга З.Моломоос дараах тодруулгыг авлаа. Тэрбээр хамгаалалтын албаныхаа нэрийг нууцалж байсан юм.

 

-Осол болсон гармыг танай хамгаалалтын албаныхан хариуцдаг уу?

-Энэ осол манай хамгаалалтын албатай ямар ч хамаагүй. Оройн 22.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл гармыг “Эсто” ХХК хариуцан ажилладаг юм. Харин бусад цаг нь буюу гарам нээлттэй байх үед нь бид аюулгүй ажиллагааг нь хариуцан ажилладаг. Тэгэхээр энэ осол өглөөний 07.14 цагт болсон учраас манай хамгаалалтын албатай хамааралгүй. “Эсто” ХХК-ийн ажилчид оройн 22.00 цагт гармыг цоожлоод түлхүүрээ аваад явчихдаг юм.

 

Ямартай ч хамгаалалтын албаны дарга ийнхүү ярилаа.

 

 

                                     Д.Батжаргал: Ажилдаа шахагдаад гармыг цагаасаа өмнө нээсэн

Харин зам засварын ажлыг гүйцэтгэж, гармын аюулгүй ажиллагааг хариуцах үүрэг хүлээсэн гэх “Эсто” ХХК-ийн захирал Д.Батжаргалаас цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр 09.30 цагт ослын газарт ирсэн юм.

 

-Танай компани гармын аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах учиртай юм байна. Яагаад ийм осол гарчихав аа?

-Цагдаагийн байгууллагынхан ирээд ажиллаж байна. Хаанаа алдаа гарсныг тогтоох байх. Бид цагийн хуваарийн дагуу энэхүү гармыг нээж, хаадаг.

 

 

-Өнөөдөр өглөө гармыг цагаас нь өмнө нээснээс болж осол гарсан гэж байна?

 -Ажилдаа шахагдаад яалт ч үгүй цагаасаа өмнө нээчихсэн юм билээ. Энэ бол манай буруу.

 

Төмөр замын цариг тэлэгдэж, 200 метр замыг засварлаж эхэллээ

 

11.20 цаг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа:

 

-Одоогийн байдлаар хэчнээн галт тэрэг саатаад байна вэ?

-Яг одоо Хонхор өртөөн дээр Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлыг суудлын хоёр галт тэрэг ирчихсэн байна. Дээрх суудлын галт тэрэгт нийтдээ 2500 орчим зорчигч байна гэсэн мэдээлэл ирсэн. Зорчигчдыг хот руу тээвэрлэх ажлыг манай яам Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байна. Эхний 25 автобусаар Хонхор өртөөн дээр байгаа зорчигчдыг тээвэрлэнэ. Үүний араас Баянзүрх өртөөн дээр орон нутгийн суудлын галт тэрэг орж ирж байна. Тэднийг мөн 10 орчим автобусаар тээвэрлэнэ. Өдөр 13.20 цагийн үед Хонхор орчимд Бээжин-Улаанбаатар чиглэлийн суудлыг галт тэрэг орж ирнэ.

 

 

-Улаанбаатараас зүүн чиглэлд явах галт тэрэгний тухайд хэрхэн зохицуулж байна вэ?

-Урагшаа гарч байгаа хөдөлгөөний бүрэн хаасан байгаа. Өглөө 09.30 цагт Улаанбаатар-Сайшанд чиглэлийн галт тэрэг хөдлөх ёстой байсан. Мөн саатуулаад байна.

 

-Ослын улмаас төмөр замын царигт нэлээд эвдэл үүссэн харагдаж байна. Нийтдээ хэчнээн метр төмөр замыг засахаар байна вэ?

-Бидний тооцоолж байснаас харьцангуй их эвдэл гарсан байна. Одоогоор 200 орчим метр төмөр замыг шинэчилж засах шаардлагатай. Төмөр замын царигт өөрчлөлт орж, тэлэлт үүссэн байна. Одоо нарийн хэмжилт хийж байна. Оройн 18.00 цагаас нааш засварлаж дуусахгүй байх. Засварын ажлаас хамааран хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэх байх.

 

-Ослын улмаас их хэмжээний хохирол учирлаа. Хохирлыг хэн барагдуулах вэ?

 -Мэдээж буруутай этгээд харуцлага хүлээж, хохирлыг барагдуулах үүрэгтэй. Гэхдээ эхний ээлжид тэр энэ буруутай гэх шийд гараагүй байна. “Эсто” ХХК-ийн хувьд өөрсдийнхөө хамгаалалтад энэ гармыг авч, аюулгүй ажиллагааг нь бүрэн хангаж ажиллах үүргийг Монгол  төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан юм билээ. Ер бол галт тэрэгний гармын горим зөрчсөн үйл явдал боллоо. Богд уулын араар хурдны зам тавьж байгаа “Эсто” ХХК-ийнхан гармын үйл ажиллагааг хариуцаж байсан. Гэхдээ компанийн буруутай үйл ажиллагаа гэхээсээ илүүтэйгээр хувь хүн жолоочийн буруутай үйл ажиллагаанаас ийм хэмжээний хохирол гарч байна л даа. Хэрвээ суудлын галт тэрэг явж байхад ийм осол гарсан бол өдийд хэдэн арван хүний амь нас эрсэдсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Зам тээврийн яамны бодлогын хувьд аюулгүй ачаа тээврийн галт тэргийг Улаанбаатар хотоос гаргахын тул Богд уулын урдуур төмөр зам тавья гэж байгаа. Харамсалтай нь энэ онд техник эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг нь шийдэгдэж чадсангүй. Ирэх 2014 оны улсын төсөвт Богд уулын урдуур барих төмөр замын техник эдийн засгийн үндэслэл болоод зургийн төслийн санхүүжилтийн хөрөнгийг тусгахаар мэдүүлж байгаа.

 

Осолдсон хоёр зүтгүүрийг засварлах шаардлагатай

 

Улаанбаатар төмөр замын тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган:  

 

-Улаанбаатар төмөр замын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Бид эхний ээлжинд төмөр замыг чөлөөлөх ажлыг хийж байна. Компаниудтай яриад хүнд даацын өргөгч кран авчруулж байна. Энэ гарам бол хоёр өртөөг хооронд нь холбосон хаалттай гарам. Замын компани манайхтай хийсэн гэрээгээ мөрдсөнгүй.

 

 

-Гармын жижүүр гэж ямар хүн байсан юм бэ?

-Бидэнд ирсэн мэдээллээр гарам дээр ажиллаж байсан жижүүр нь 72 цаг ажилласан байх жишээтэй. Яг ажиллах ёстой, зөвшөөрлөө авсан хүмүүс нь ээлжийнхээ амралтыг авчихсан, мэргэжлийн бус хүн жижүүрлэж байсан гэсэн мэдээлэл байна.

 

-200 метр төмөр замыг шинэчлэн засварлана гэж байна. Хэдий хэр өртөг орох вэ?

-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Дан ганц төмөр замын засвараас гадна осолдсон хоёр зүтгүүрийг засварлах шаардлагатай. Хохирлын хэмжээ бол нэлээд их гарах байх.

 

-Галт тэрэг тормоз авахад хэдий хэр хол явж байж зогсдог юм бэ?

-Галт тэрэг шуурхай тормоз хийхэд 800-1.2 км явж байгаад зогсдог.   

 

Хонхор өртөөнд хоёр суудлын галт тэрэг ирчихсэн байгаа юм. Эхний ээлжинд 25 автобусаар тус галт тэрэгний 2500 зорчигчдыг Улаанбаатар руу тээвэрлэж байна.  Үүнээс гадна Улаанбаатараас Сайншанд чиглэлд хөдлөх ёстой байсан суудлын галт тэрэг саатсан юм. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа аж. Ямартай ч суудлын галт тэрэгнүүд зогссон, зам засварын ажил хийх шаардлагатай болсон гээд хохирол нэлээд учирсан байна.

 

Ц.Эрдэнэцэцэг