Байцаагч эмэгтэй үхэлтэй 10 гаруй минут тэмцэлджээ
2013 оны 7 сарын 3

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй бусдын гарт зэрлэгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн хойноос www.eagle.mn нэхэн сурвалжиллаа. Хэрэг өнгөрсөн даваа гаригийн шөнө 22.30 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр байрны дөрөвдүгээр орцны найман давхарт гарчээ. Тус давхрын ... тоотод оршин суух хоёр хөгшин гэрээсээ гарч явахдаа хүн амины хэргийг харж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

 

 

 

Хардалтаас болж 75 удаа хутгалжээ

 

Хэргийг түүнтэй хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Т үйлджээ. Түүнийг хэрэг гарснаас 20 цагийн дотор УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Идэрцогтоор ахлуулсан ажлын хэсэг саатуулсан байна. Тэрээр хардалтын улмаас ийнхүү талийгаач эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөжээ.

 

Сэжигтэн Т нь талийгаач Э-г хөнөөхөөр эртнээс төлөвлөсөн бөгөөд түүнийг гэрлүүгээ орохоор найман давхрын лефтнээс буухад нь ийнхүү хөнөөжээ. Эмэгтэй 10 гаруй минут үхэлтэй тэмцэн орцонд орилсон боловч оршин суугчид сонсоогүй гэлээ. Харин 23.00 цагийн үед найман давхрын оршин суугчид дуудлага өгснөөр цагдаагийн алба хаагчид ирсэн байна.

 

Ингээд дуудлага өгсөн иргэнээс дараах зүйлийг тодрууллаа. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл өгөхийг хориглосон тул тэрээр нэрээ нууцлахыг хүсэв.

Түүнийг лефтнээс бууж ирэхэд нь хөнөөжээ

 

-Хэргийн талаар та анх дуудлага өгсөн гэсэн?

-Тийм. Хөгшин бид хоёр зуслангаасаа дөнгөж ирээд байж байсан. Хүүхдүүд биднийг хүргэж өгсөн. Тэгээд хүүхдүүдээ гаргаж өгөхөөр гартал лефтний үүдэнд хутгалуулсан, цус нөжөндөө холилдсон эмэгтэй хэвтэж байсан. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн.

 

-Талийгаач эмэгтэйн талаар мэдэх үү?

-Сайн мэдэхгүй. Цагаан машин унасан, дүрэмт хувцастай эмэгтэй л орж гараад явдаг. Бид түүнийг цагдаагийн ажилтан л гэж боддог байлаа.

Орцыг цэвэрлэсэн боловч ул мөр нь одоо ч байсаар

 

-Энд амьдраад хэр удаж байгаа юм бол. Гэр бүлтэй юм болов уу?

-Сайн мэдэхгүй байна. Ганцаараа л яваад байдаг даа. Нэг их ч удаагүй дээ. Саяхнаас л харагдаж байгаа.

 

-Орцонд хүн амины хэрэг гарч байхад та нар мэдээгүй хэрэг үү?

-Ямар ч чимээ гараагүй. Бид юу ч мэдээгүй. Гарахдаа л харсан гэв.

 

Бүсгүйн орилохыг сонссон ч гарч чадаагүй байна

Оршин суугчдын өгсөн мэдээлэл ийм. Тэд орцонд ямар нэгэн чимээ сонсогдоогүй гэх мэдээллийг өгсөн. Гэвч мөрдөн байцаалтын явцад найман давхрын оршин суугч “Орцонд бүсгүй арав гаруй минут орилсон. Бид гэртээ хоёулхнаа байсан болохоор гарахаас айсан. Тэгээд нам жим болохоор нь гараад хартал хүн амины хэрэг гарсан байсан” хэмээн мэдүүлжээ. Юутай ч бүсгүйн орилох чимээг сонссон ганцхан айл нь ийнхүү айсандаа гарч чадаагүй байна. Үүнийгээ ч мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Хэрэг энэ орцонд гарчээ

 

Талийгаач шилдэг залуу татварын байцаагч байжээ

 

Талийгаач Э нь “Татварын ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнуулж  байсан шилдэг залуу татварын улсын байцаагч байжээ. 1982 онд төрсөн тэрээр 2006 оноос татварын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажилд ороод удаагүй байсан аж. Түүний талаар ажлынхнаас нь тодруулахад “Манайд ажилд ороод удаагүй байсан. Гэхдээ ажилдаа сайн, нямбай, ааш зан сайтай эмэгтэй байсан” гэлээ. Мөн татварынхан “Бид одоо айдастай байна. Биднийг олон хүн занаж, заналхийлж байдаг” гэсэн юм. Юутай ч зарим хэвлэлээр түүнийг татварын экс дарга нарын хэрэгт гэрчээр оролцсон тул ийнхүү амиа алдлаа хэмээн мэдээлсэн. Гэвч цагдаагийн байгууллагаас хардалтаас болж, хүн амины хэрэг гарсан гэх мэдээллийг өгч байгаа юм.

 

Яагаад түүний аминд хүрэх болов


Сэжигтэн Т гэх эмэгтэй нь Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч бөгөөд ээж нь хорт хавдраар нас барсан, их зовлон үзэж, амьдралд нухлуулсан хүн гэнэ. Тэрбээр эхнэр хүүхдээсээ салсан Б гэх эртэй суугаад удаагүй байхад нь нөхөр нь хохирогч Э-тэй ороолцолдсон байна. Улмаар тэвчээр алдахдаа сэжигтэн энэ хэргийг үйлдсэн хэмээн эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Б нь сэжигтэн Т-д “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж байжээ. Удалгүй талийгаач Э-тэй дотно харьцаатай болж, талийгаач Э-д ч “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэ. Үүнийг нь мэдсэн Т хайртай баян амрагаа хамт ажилладаг залуухан бүсгүйдээ алдахыг хүсээгүйдээ ийнхүү аймшигт хэргийг үйлдсэнийг эх сурвалж мэдээлж байна.

Б.Чимэг